Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цар тахлын үед ажлын байраа хадгалсан, нэмэгдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих механизмыг бий болгож, цар тахлын нөлөөнд ихээр өртсөн салбаруудыг дэмжиж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Үүний хүрээнд iUB буюу “Инновацлаг Улаанбаатар” аян хэрэгжүүлж байна. Энэ аян нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг нэвтрүүлэх зорилготой юм. Тодруулбал, цаасны уламжлалт хэрэглээг халж, эдийн засгийн хэмнэлт үүсгэх, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлэх, цар тахлын үед байгууллагууд иргэдэд дараалалгүй хурдан үйлчилгээг үзүүлснээр коронавирус халдварын эрсдэлийг саармагжуулах, замын түгжрэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.