Монгол Улсын баатар хилчин Баянбалын Тэгшээгийн хүрэн халзан морины хөшөөг унаган нутаг Говь-Алтай аймгийн Бугат суманд сүндэрлүүллээ. Хөшөөний нээлтийн арга хэмжээнд хүрэн халзан морины эзэн болох Х.Шагдарын үр хүүхэд, төрөл төрөгсөд, ДХИС-ийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, бэлтгэл хурандаа Ц.Ганболд, Хил хамгаалах Ерөнхий газрын Төв архив, хилийн 0130, 0214 дүгээр ангийн төлөөлөл оролцож, баруун хилийн тулгаралтуудад монгол адууны хурд хүч, тэсвэр тэвчээр, үнэнч байдлыг харуулан онцгой хувь нэмэр оруулсан гавьяаг мөнхжүүлэх ажлын гэрч болсон юм.
Түүхийг нэхэн санавал Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Х.Шагдар нь соёлон насны хүрэн халзан морио баруун хязгаарын хилчдийн албаны хэрэгцээнд зориулан цэргийн агтанд бэлэг болгон өгснийг хилчин Ж.Нэхийт цэргийн эрдэмд сурган, хилчин Б.Тэгшээгийн албаны уналгад шилжиж, 30 гаруй удаагийн тулгаралт байлдаанд оролцсон юм. Түүхэн гавьяа байгуулсан нь хожим домогт баатар хилчдийн үнэнч хүлэг, “Баатар Тэгшээгийн хүрэн халзан” нэрээр мөнхрөн үлджээ. Баруун хилийн ээдрээт нөхцөл байдлыг бүрэн дуусах хүртэл /1940-1948 он/ хүрэн халзан морь албаны үүргээ нэр төртэй биелүүлж, 1948 оноос төрийн анхааралд авч, Ховд аймгаас Улаанбаатарт хүргэн морин тойруулгад маллаж байсан бөгөөд 1967 онд 30 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.