ЭМЯ-аас коронавирусний гурав дахь тунгийн талаар мэдээлэл өглөө.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Дэлхийн бүх улс орнуудад дельта вирустэй холбоотой дэгдэлт нэмэгдсэн. Одоогоор 215 сая 415 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс нас баралт 4,4 сая байна.
Наймдугаар сарын сүүлийн долоо хоногт дэлхийн бүх улс орнуудад тархалтын тохиолдол нэмэгдсэн.
ДЭМБ-аас гаргасан нас баралтын судалгаагаар манай улсад 100,000 хүнд 100-300 нас баралт бүртгэгдэж байгаа нь өндөр тоо юм. Филиппин, БНСУ, Япон, Малайз, Вьетнам зэрэг улсуудад дельта вирусний давалгаа эхэлсэн. Манай улс энэ орнуудын дараа орж байна.
Их Британи улс АстраЗенека болон Файзер вакцинд судалгаа хийсэн. Судалгаагаар бүрэн тунгаас хойш зургаа дахь долоо хоногт цусан дахь антибодийн тохиолдол буурсан дүнтэй гарсан. Харин 10 дахь долоо хоногтоо 50 хувь буурсан дүн гарсан. Харин Оксфордын их сургууль болон бусад судалгаагаар Файзерын вакцин зургаа дахь сар дээрээ 88 хувиас 74 хувь руу, АстраЗенека 77 хуиас 67 хувь болж буурсан үзүүлэлттэй байна.
Израил улс Файзер вакцинаар гурав дахь тунг хийсэн. Улмаар халдвараас 87 хувь хамгаалж байгаа үр дүнг өнгөрсөн долоо хоногт зарлаад байна.
Харин Оксфордын их сургууль АстраЗенека вакцины гурав дахь тунг тарьсан судалгаа хийсэн. Судалгаагаар альфа, дельта зэрэг хувилбаруудын эсрэг саармагжуулах эсрэг биет үүсгэх нь хоёр дахь тунгаас өндөр гарсан.
А.Сүх