Тээврийн цагдаагийн албанаас маргааш буюу хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрөөр хүүхэд багачуудаа хүндэтгэж, автомашиныхаа ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир "Цагдаагийн байгууллагаас "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үүний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэлт ирээдүйнхээ төлөө гэрлээ асаах уриалгыг дэвшүүлж байгаа. Энэ хүрээнд есдүгээр сарын 1-нд Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, сургууль орчмын замд хурдаа сааруулж, хүүхдүүдэд зам тавьж өгдөг, хүүхдийн аюулгүй байдалд санаа тавьдаг жолооч бүхэн гэрлээ асааж хөдөлгөөнд оролцоорой" хэмээн уриалав.