Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ цаг үед Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бие бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн санаачилсан “Сэтгэлийн өглөг” хандивын аянд нэгдэж, хүүхдийн ном, сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцас, гутал хувцас цуглуулан хандивлаж, сайн үйлсийн аянд нэгдлээ.
Ковид цар тахлын улмаас иргэдийн ажил эрхлэлт буурч, өрхийн орлого багасч, худалдан авах чадвар суларсаны учир амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд дээрх хандивын зүйлс зарцуулагдах ажээ.
Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн дарга Г.Мөнхчимэг тэргүүтэй тус хөгжлийн төвийнхөн хүрэлцэн ирж, чуулгын алба хаагчдын хандивын эд зүйлсийг хүлээн авсан бөгөөд “Бид энэ удаа Зэвсэгт хүчин, цагдаа, онцгой гээд хүчний 22 байгууллагад хүсэлт гаргаж, энэхүү аяныг өрнүүлсэн бөгөөд тэднээс 10 гаруй байгууллага нь бидэнтэй нэгдээд байна. Та бүхний илгээсэн эдгээр хичээлийн хэрэглэл, хандив нийгмийн зорилтот 50 өрхөд очиж, тэдний амьдрал ахуйд нь нэмэр болох юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэсэн юм.