УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улс дельта вирусний давалгаанд өртсөн байгаа ч орон нутагт нас баралтын эзлэх хувь 0.1 хувь, Улаанбаатарт 0.4 хувь руу орж ирсэн. Үүнээс вакцины үр дүнгээр нас баралтын хувь харьцангуй бага байна гэж дүгнэж болох юм. Орон нутагт найр их хийж байгаа нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна.
Хамгийн сүүлд гэхэд Баянхонгор аймагт найранд оролцсон 39 хүн халдвараар өвчилсөн.
Манай улсын хувьд нийт хүн амдаа хийж байгаа PCR болон RAPID шинжилгээний хувьд 100 мянган хүн амд авч үзэхэд зөвхөн PCR гэхэд дэлхийд 42 дугаарт буюу хангалттай шинжилгээ авч байна.
Дельта вирусний үед толгой өвдөх, хоолой өвдөх, хоолой сөөх, тасралтгүй ханиалгах, суулгах шинж тэмдэг илэрч байна.
Хамгийн гол нь хүүхдүүд хичээл сургуулийн орчинд гэхээс илүү гэр бүлээсээ халдвар их авч байна. Вакцинд хамрагдсан хүүхдүүдийн хувьд халдварын тоо буурч байгаа ч хамрагдаагүй хүүхдүүдийн дунд нэмэгдэх эрсдэлтэй байна.
Бид вакцины гурав дахь тунг иргэдэд хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 70 мянга болсон байна" гэлээ.
А.Сүх