Увс аймгийн Тэс суманд Баяд ястны өв, соёл уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үргэлжлүүлэн баяжуулах зорилготойгоор Өв соёлын өргөө байгуулжээ. Баяд ястангууд биелэгээ, баяд эмээл, икэл хөгжим гээд өнө эртний өв соёлоо эдүгээ хүртэл авч яваа.
Тэс сумын бизнес эрхлэгч Ц.Батнасан ахлагчтай "Уялга" бүлгийн бүсгүйчүүдийн санаачлагаар энэхүү Өв соёлын өргөөг босгож, намрын эхэн сарын шинийн 27-нд нээлтээ хийсэн байна. Тус арга хэмжээнд Увс аймгийн Засаг дарга С.Чимэд, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Эрдэнэсүрэн, сумын Засаг дарга С.Дагвасүрэн, сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Т.Оюунчимэг, "Уялга" бүлгийн уран бүсгүйчүүд болон дэмжиж тусалсан Тэс нутгийн иргэд өргөнөөр оролцжээ.