Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд “Есдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар коронавирусний эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 68 хувь, хоёр дахь тунд 65 хувьтай байна. Өссөн дүнгээр 6100 жирэмсэн эмэгтэй, 5813 хөхүүл эмэгтэй, 12-17 насны 258,577 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан байна.
Хүүхдүүдийн хувьд нэгдүгээр тунгийн хамрагдалт 89 хувь, хоёр дахь тун 78 хувьтай буюу хангалттай хэмжээнд хүрсэн байна.
Түүнчлэн ЭМЯ-аас энэ сарын 13-22-ны өдрүүдэд томуу, томуу төст өвчний эсрэг аяныг эхлүүлэх гэж байна. Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан энэ долоо хоногт 336,000 тун томуугийн вакцин хүлээн авсан. Манай улс жилд дунджаар 100 мянган тун томуугийн вакцин хүлээн авч иргэдээ дархлаажуулдаг байсан бол ковид-ын нөхцөл байдалтай уялдуулан энэ тоог хоёр дахин нэмэгдүүллээ.
2021, 2022 онд ковид болон томуугийн халдвар зэрэгцэж явах эрсдэлтэй байна.
Мөн сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан эрсдэлт бүлэг буюу 18 хүртэлх насны хүүхэд, хөхүүл эхчүүд, архаг хууч өвчтэй иргэдэд өнөөдрөөс эхлэн сайн дураар вакцинд хамруулна.
Ингэхдээ 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйд хийж болох заавартай. Мөн сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакцинд хамруулна" гэлээ.
А.Сүх