Энэ сарын дөрөвний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 12 айлын нийтийн байранд гал гарсны улмаас тэдгээр айл өрх орон байргүй болж, дээр нь эд материалын болон сэтгэл санааны хохирол амсаад буй.
Дээрх 12 айлаас зургаа нь байрандаа байнга оршин сууж байсан бөгөөд тэдгээр өрхөд долоон өрх толгойлсон ээж, хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 7 хүүхэд гээд нийт 31 ам бүл багтдаг аж. Өчигдөр тус суманд УИХ-ын 12-р тойргоос сонгогдон, төр түшиж буй УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарын гишүүдийн Ажлын алба болон Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүлэгч гишүүд ажиллалаа.
УИХ-ын гишүүдийн зүгээс 9 сая орчим төгрөгийн тавилга, эд материалын тусламж үзүүлснийг Ажлын алба нь хүлээлгэж өглөө. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн мэргэжилтэн В.Сүрэнчимэгээс Н.Ганибал гишүүнээр илгээсэн сая төгрөгийг эдгээр гэр бүлийн гишүүн болох байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнд Н.Ганибал гишүүний зөвлөх Э.Ирэхбаяр гардуулж өгсөн юм.
Харин аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга Р.Туяажаргал тэргүүтэй төлөөлөл өөрсдийн зохион байгуулсан “Дулаан сэтгэл" хандивын аяны хүрээнд төвлөрсөн 20 орчим сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг гардуулж өгөв.
Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүд өмнө нь тогтсон жишгийн дагуу галын осолд өртсөн айл өрхүүдэд Улсын онцгой комиссоос гэр олгуулах талаар санаа тавьж ажилласан, түүнчлэн орон нутгийн удирдлагууд ч энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шуурхай хөөцөлдсөний үр дүнд УОК-оос 12 гэр олгохоор шийдвэрлэсэн байна. 12 гэрийг сумын хойд дэнжид барьжээ. Эдгээр гэрээс долоог нь галын ослын хохирогчдод, тавыг нь өмнө нь тохиолдсон болсон аймшигт шуурганаас гэрээ алдсан 5 өрхөд өгөхөөр шийдвэрлэснээ сумын удирдлага мэдэгдлээ.