Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд нийтийн тээврийн буюу чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолд 06:00-22:00 цагт автомашин зогсохыг хориглосон заалт бий ч нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд хувийн тээврийн хэрэгсэл олноор зогсож байгаа асуудал буурахгүй байна. Энэ нь автобусаар болон явган зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа юм.
Энэ он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 12578 энэ төрлийн зөрчил илрүүлжээ. Үүний 2479 зөрчлийг нийтийн тээврийн байцаагч нар илрүүлж, мэдээлсэн байдаг. Эндээс харвал өдий хэмжээний зөрчил автобусны буудал дээр гардаг аж.
Хүйтэн сэрүүний улиралд нийслэлчүүд автобусаар зорчих нь нэмэгддэг. Гэтэл автобуснууд буудал дээрээ бус, авто замын нэгдүгээр эгнээний хөдөлгөөн дунд зогсох, яарч хөдлөх зэргээс аваар осол гарах магадлал өндөр юм. Энэ бүхнийг бодолцон иргэн та ч буруутай үйлдлийг илрүүлж, өөрийнхөө болон бусдын эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулаарай. Ингэхийн тулд буудал дээр зогсож, автобусны хөдөлгөөнд саад учруулсан, иргэдийг хохироосон машины тухай мэдээллийг баримтжуулан, E-police аппликэйшнд илгээгээрэй.