Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхэд залуучууд спортоор хичээллэх, ахмад настнууд маань задгай талбайд нарлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын талбай ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Энэхүү бүтээн байгуулалт улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 1 га гаруй газарт тоглоомын талбай, сүүдрэвч, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж, хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг спортын олон төрөлт тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой стандартад нийцсэн талбайнуудтай юм байна.
Хүүхэд залуучуудын биеийн тамирын талбай, цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Мөрөн сумын иргэд чөлөөт цагаа спортоор хичээллэж, зөв боловсон өнгөрүүлэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, багийн спортоор хичээллэж байгаа тамирчид бэлтгэл, сургуулилт хийх боломжтой болж байгааг онцлов.