“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдсан.
Хүнсний ногоочид Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдан хоршоо хэлбэрээр ажиллаж, энэ жил хураан авсан ургацаа нийслэлчүүддээ борлуулж байна. "Монгол ногоо" төслийн хүрээнд саримс, байцаа, сонгины тариалалт нэмэгдсэн, түүнээс гадна энэ хавар ногоочдодоо үрийн үнийг 80 хувь хөнгөлөн олгосон нь чухал дэмжлэг болж чаджээ.
Энэ жилийн хувьд төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг бид дотоодоосоо хангана. Харин илүүдэл ногоог ашиглаж байх зорилгоор Төв аймагт цардуулын үйлдвэр барихаар ажиллаж байна.
Ногоочдод хамгийн тулгамддаг асуудал бол зоорь, агуулах байдаг. Тиймээс тариалангийн бүс нутагт Польшийн хөнгөлөлттэй зээлээр зоорь барих ажлыг зохион байгуулж байгаа юм.
Хонины нэхийгээр гутал хүрэм үйлдвэрлэж байгаа компанийн зүгээс зөөлөн үстэй Орхон хонийг олноор нь үржүүлэхэд анхаарсан бодлого хэрэгтэй байгааг хэлж байлаа.
Тодруулбал, энэ сарын 16-нд 24.5 сая, 17-нд 79 сая, 18-нд 111 сая гээд 3 өдрийн турш нийтдээ 214.5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Ерөнхий сайдын зүгээс эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээхэд Засгийн газар болон иргэдийн хамтын ажиллагаа чухал учраас хамтдаа хичээхийг уриалсан юм.