Монгол цэргийн музейн хамт олон цэргийн амьдралыг харуулсан буланд хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутамдаа хийдэг зүйлсийг өөрийн гараар хийж үзэх нээлттэй боломжийг олгожээ.
Дөрвөлжин шоо мэт ирмэг гарган цэргийн хуарангийн ороо хураах, захны даавуу, мөрдэс хадах, хөлөө жийрэглэн ороох гэх мэт зүйлсийг өөрийн биеэр хийж үзэхээс гадна үе үеийн цэргийн дүрэмт хувцаснаас сонгон өмсөж дурсгалын зураг татуулан өөртөө үлдээх боломжтой аж.
Мөн хүүхэд, залуусын сонирхлыг татахуйц буудлагын тийрийг боловсролын танхимдаа ажиллуулж байгаа юм байна. Уг буудлагын тийрэнд хоёр төрлийн буугаар буудах ба зориулалтын зөөлөн сумаар буудах аж. Харин энэ бүхэнд аюулгүй байдлыг бүрэн хангасан хэмээн Батлан хамгаалах яам цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.