Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Хот байгуулалт, дэд бүтцийн хороо өнөөдөр /2021.9.21/ хуралдлаа. Хуралдаанаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн 712 айлын ногоон орон сууц” төслийн талаар хэлэлцсэн байна.
Энэхүү төсөл нь эрчим хүчний хэмнэлтийн шинэ технологи, уур амьсгалын нөхцөлд тохирсон шинэ элементүүдийг нэвтрүүлэх замаар орон сууцны барилгын салбарт томоохон ахиц дэвшил гаргах зорилготой. Нийт 30.2 сая ам.доллараар хэрэгжих уг төслийн байршил нь Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо буюу Ханын материалын эцэст төлөвлөгджээ.
Санхүүжилтийн 20 сая ам.доллар нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, таван сая ам.доллар нь Ногоон уур амьсгалын сангийн буцалтгүй тусламж, 1.3 сая ам.доллар нь бусад тусламжийн эх үүсвэрээс бүрдэх аж. Харин төсөл хэрэгжүүлэгч буюу нийслэл 3.9 сая ам.долларыг гаргах ёстой бөгөөд энэ нь татвар болон газар…зэргээр тооцогдох юм. Хөнгөлөлттэй зээлийн хүү нь жилийн 1.17 хувь байна.
Энэхүү орон сууцны хороололд 712 өрх буюу 2492 хүн амьдарна гэж тооцсон. Үүний 142 орон сууц нь түрээсийнх, 570 нь түрээслээд өмчлөх, 35 орон сууц хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдана. Мөн төлөвлөлтөд 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн талбайг тусгасан байна. Гэхдээ одоогоор санхүүжилтийн эх үүсвэрт тусгагдаагүй гэдгийг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү танилцууллаа.
Төслийг 2025 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөж байгаа юм. Энэхүү төсөлтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтэц нь хөгжсөн Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд дээрхтэй ижил төстэй төслүүдийг хэрэгжүүлэх нь зөв юм. Нэг төвт хотоос олон төвт хот хөгжүүлэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд алсын дүүргүүдээ анхаарч, нийгмийн дэд бүтцийн хүрэлцээ хангамжийг нь ашиглах нөхцөл байдал үүссэн.
Тухайлбал, энэхүү төслийн хүрээнд есөн блок орон сууц барихаар төлөвлөж байна. Үүний 1-2 блокийг нь захын дүүргүүд рүү шилжүүлж болно. Цаашид орлогод нийцсэн орон сууц төслийг есөн дүүргийн хэмжээнд авч үзэж байхыг сануулъя” гэлээ.