Коронавируст халдварын цар тахлын үеэр Монгол Улс тусламжийн гараа сунгасанд Хятадын ард түмэн талархаж байгааг БНХАУ-ын Ардын дээд шүүхийн хоёрдугаар зэрэглэлийн Их шүүгч Лиу Гуишиан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад уламжиллаа. Тэрбээр “Хоёр орны шүүхийн байгууллагын харилцаа цаашид улам бүр өргөжнө. БНХАУ-ын “Нэг бүс ба Нэг зам” бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа гадаад бодлоготой Та бүхэн танилцаж, шүүхийн тогтолцооноос туршлага судална гэдэгт итгэлтэй байна. Мөн сургалтад оролцож байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтан Та бүхнийг БНХАУ-ын тогтолцоотой биечлэн танилцаж, туршлага судлахыг уръя” гэсэн юм.
Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Монгол Улсад шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах, туршлага судлах шаардлагатай байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар илэрхийлээд цаашид сургалтад оролцогчдын тоог нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх саналтай байгаагаа онцоллоо.
Энэ удаагийн сургалтаар БНХАУ-ын шүүхийн зохион байгуулалтын тогтолцоо, шүүгчийн систем болон мэдээлэл технологийн бүтээн байгуулалт сэдвээр оролцогчид мэдээлэл авч, туршлага судална. Мөн Олон улсын харилцаа ба “Нэг бүс ба Нэг зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй БНХАУ-ын гадаад бодлоготой танилцах юм. БНХАУ-ын шүүхийн тогтолцоотой танилцах, туршлага судлах сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улсын шүүхийн 13 шүүгч, шүүхийн захиргааны долоон ажилтан оролцож байна.
Сэтгэгдэл (1)