Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
Өнөө шөнө Хөвсгөлийн нутаг, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10 дугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 10 дугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.