Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сарын 18-ны өдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус газрын гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг чөлөөлж, оронд нь дэд захирлаар ажиллаж байсан Г.Ундармааг томилж байсан билээ. Гэвч удалгүй М.Ганбаатарыг өмнөх албан тушаалд нь буцаан томилсон.
Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн гэдэг. Тэр ч утгаараа дахин нэг жил иргэдийн өнтэй өвөлжихөд шаардлагатай түлшийг дахин нэг жил “хариуц” хэмээн ийн эгүүлэн томилсон хэрэг. Түүнчлэн зарим эх сурвалжийн хэлж буйгаар М.Ганбаатар сайдын албан тушаал горилж буй гэх бөгөөд ингэхдээ энэ жилийг асуудалгүй “даах” гэдэг нөхцөлтэй гэнэ.
Гэвч энэ нөхцөлд юун албан тушаал ахих байтугай одоогийн байр сууриа ч хадгалахад хэцүү болоод байна.
Тодруулбал, М.Ганбаатар захирал нийслэлийн иргэдийг өвөлд өнтэй золгуулах нь бүү хэл галаар тасалж, өдгөө олон мянган өрх түлэх түлээгүй зутруухан байдалтай байгаа нь үнэн.
Түлш худалдаалах цэгүүдэд өдөрт цөөн тоогоор нийлүүлэгдэж байгаа нь дорхноо дуусна. Ер нь галтай байгаа айлуудын ихэнх нь өмнө түлж байсан түлшнийхээ үлдэгдлийг түлж, дулаацаж байна. Энэ жил эрт хүйтэрч, хатуу өвөл болох төлөвтэй байгааг анхааруулсаар байгаа энэ цаг дор түлшээ ч олигтой зэхэж чадаагүй нь төдий чинээ бэлтгэл ажил хангалтгүйг илтгэж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (5)