Гаалийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Ehlel брэндийн талаарх нийгэмд үүсээд буй асуудлын талаар тайлбар өгсөн юм.
Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын дарга Б.Сүхбаатар "Гаалийн байгууллагын хэмжээнд 2017 оноос 2021 оны аравдугаар сарын байдлаар гар утастай холбоотой нийт 53 удаагийн зөрчил бүртгэгдсэн. Үүнээс 45 нь татвараас зайлсхийсэн тохиолдол байсан. Дэлхийн гаалийн байгууллагаас 1991 онд баталсан барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем, олон улсын конвенц байдаг. Энэ конвенцид "Угсарч, нийлүүлээгүй бараа бүтээгдэхүүнийг эцсийн бараа бүтээгдэхүүний шинж чанарыг хадгалж байх юм бол тухайн зүйл ангид нь хамааруулж ангилна" гэсэн заалтыг гишүүн 183 орон мөрдөж явдаг. Энэ зарчмын дагуу гаалийн байгууллага тухайн барааг гар утас гэдгээр нь ангилж гаалийн бүрдүүлэлт хийлгэдэг. Ehlel брэндийн тухайд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй байна. Шаардлагатай тохиолдолд шинжээчийн дүгнэлт гараад үнэлгээг цааш тодорхойлоод явах болно.
Hulan 21 утас нь Doogee x96 pro-той загвар, үзүүлэлтээрээ адил. Doogee брэндийг Испани, Хятад хүмүүсийн оролцоотойгоор 2013 онд үүсгэн байгуулж байжээ. Doogee x96 pro загварыг албан бус худалдааны талбарт ойролцоогоор 120 доллар буюу 350 орчим мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Тус компанийн албан ёсны сайтад 160 долларын үнэтэй байна. Харин Hulan 21 утас Монголд 599 мянган төгрөгөөр худалдаанд гарахаар байсан юм.
Гар утасны зөрчил дээр нөхөн төлсөн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр торгодог байгаа. Тухайлан дурдсан байгууллагын талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Нийтдээ 60 гаруй сая төгрөгийн торгууль, 175.9 саяын нөхөн төлбөр төлүүлэхээр урьдчилсан байдлаар тооцоод байна. Хохирлын хэмжээ нь ихэсвэл Эрүүгийн хэрэг үүсгэдэг. Одоогоор Зөрчлийн хэргээр шалгагдаж байгаа. Бид энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн байгууллагын бизнесийн нэр хүндэд харшлах юм" гэх тайлбарыг өгөв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)