Манай улсад коронавирусний тохиолдол оргил үедээ хүрээд байгааг Эрүүл мэндийн яамнаас онцолсон. Тодруулбал, есдүгээр сарын сүүлийн долоо хоног аравдугаар сарын эхний хоёр долоо хоногт халдварын давалгаа үргэлжлэх бөгөөд сайн мэдээ нь гэвэл үүнээс хойш халдварын тохиолдол буурна гэсэн юм.
Ковид-19 халдварын үед анхаарах ёстой чухал зүйл нь нас баралтын тоо. Сүүлийн өдрүүдэд тус өвчний хүндрэлээр амиа алдаж буй иргэдийн тоо өдөрт 10-аас дээш бүртгэгдэж байна.
Өчигдөр гэхэд 15 хүн архаг хууч өвчин хавсарсан зэрэг оношоор амиа алдаад буй бөгөөд нийт нас баралтын тоо 1392 буюу дэлхийд эхний байруудад эрэмбэлэгдэж байна.
Ковид-19 халдварын хүндрэл, нас баралтаас хэрхэн сэргийлэх вэ. Үүнээс сэргийлэх ганц арга нь халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахаас гадна дархлаа сэргээх гуравдугаар тун гэж мэргэжилтнүүд үзэж буй. Учир нь халдварын бүрэн тунгаа авснаас хойш тодорхой хугацааны дараа эсрэг биетийн тоо буурч байгаа судалгааны дүн гарчээ.
Тиймээс нэмэлт тун хийлгэх нь зайлшгүй чухал байгаа юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 345,914 иргэн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагджээ. Уг тунд хамрагдсан иргэдийн эсрэг биетийн тоо хоёр тун вакцинд хамрагдсан иргэдийнхээс өндөр дүнтэй гарчээ. Тиймээс гурав дахь тундаа идэвхтэй хамрагдаж өөрийн болон хайртай дотнын хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг уриалж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)