Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс “Бүрэн Монгол” сангийн үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.
-Энэ оны зургадугаар сард нийгмийн идэвхи бүхий 14 залууг цуглуулж, төслийнхөө талаар танилцуулахад тэд талархан хүлээн авсан. Манай хамт олон төслийн энэ их ажлыг нугалж байгаа. Зорилго нь юу юм гэж зарим хүн асууж байна. Спортыг эв нэгдлийн бэлэг тэмдэг гэдэг. Гэвч сүүлийн он жилүүдэд спорт гэдэг зүйл дээр талцаж, хуваагдах асуудал үүсэх болжээ. Уг нь спортоор хүмүүс нэгддэг шүү дээ.
Энэ төслийн хүрээнд манай хамт олон 21 аймагт залууст гэр барьж, найр хурмыг нь хийж өгнө. Нийгэмд гэгээлэг зүйл бага боловч хэрэгтэй байна. Монголын хамгийн сайн чанарын гэрийг захиалж хийлгэнэ.
Тэгээд гэр өгөхдөө хамгийн гол нь хүнийхээ амьдралын төлөө гэсэн зөв тэмүүлэл, халамж авдаггүй гэсэн шалгуурыг тавьж байгаа.
Ийм сайхан сэтгэлтэй хүн олон байна. Түүнчлэн орон нутагт очиж, төр захиргааны байгууллага, нутгийн иргэдийг нь уриалж, малжуулах бодолтой байгаа. Тэдний амьдралд бага ч гэсэн дэм болно. Ингэснээр нийгэмд зөв хандлага бий болрх юм.
Бидний сонгох хүн ажилч, хичээнгүй хэрнээ нутаг усандаа сайн талаараа танигдсан хүн байх ёстой. Мөн үндэсний өв соёл, ёс заншлыг бусдад сурталчлан таниулах бодолтой байна. Жил ирэх тусам бүдгэрч, биднээс алсарч буй үндэсний өв соёлыг тодотгох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. Бидэнд бодсон санасан зүйл их бий. Хамгийн гол нь Монголын ард түмний дэмжлэг юу юунаас чухал юм шүү. Монголчууд эвтэй байхдаа дэлхийн талыг эзэгнэж байсан ард түмэн. Харин талцаж, хуваагдаж байсан үедээ амжилт олсон түүх үгүй билээ. Манай сангийн нэрний санаа нь ч ийм утга агуулгатай.
Б.Жаргал