Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст “Ковид-19” халдварын цочмог үе болон халдварын дараах сэргээн засах эмчилгээг телемидицины аргаар эмчилж эхэлжээ. Үүнд мэргэшсэн баг ажиллах бөгөөд тэд телемидицинээр дамжуулан Эрчимт эмчилгээний тасагт коронавируст халдварын нэн хүнд болон хүнд хэлбэрийн оноштой хэвтэн эмчлүүлж буй өвчтөний цочмог үеийн сэргээн засах эмчилгээг хийх, мөн хөнгөн хэлбэрээр өвдсөн хүнд сэргээн засах эмчилгээг гэрээр хийлгэх юм байна.
Түүнчлэн телемидицины аргаар халдварын дараах урт хугацааны сэргээн засах эмчилгээг гэр бүлд түшиглэн хийхээр зорьжээ. Телемидицины аргыг нэвтрүүлэх нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг багасгах, өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх хугацааг богиносгох, өвчтөний чадвар алдалтыг сэргээж, хэвийн амьдралдаа эргэн орох, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Б.Жаргал