Өмнө нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдийг бусдын 6 тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явсныг өчигдөр илрүүлжээ.
Уг ажиллагааг Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран явуулжээ.
Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд нь 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын 9 тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогдсон байна.
Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ цаг үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул мал бүхий иргэд Та бүхэн өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)