Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвөөс Зээлийн батлан даалтын тогтолцооны талаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг мэдээллээр хангах сургалт зохион байгуулав. Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа эрхэлж буй 67.400 гаруй иргэн, аж ахуй нэгжид энэхүү төв нь үйлчилгээ үзүүлж байна.
Энэ үеэр Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бол нийт хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг бүрдүүлдэг. Энэ хүмүүс цар тахлын нөлөөнд бүрэн өртсөн гэх судалгаа гарсан учраас бид олон улсын туршлагыг судалж, хэрхэн даван гарах, ямар бодлого барьж ажиллах ёстой вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна” гэсэн юм.
Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гурвалсан хамтын ажиллагаа хэрэгжиж байгаа аж. Төвлөрлийг бууруулж, түгжрэлийг багасгах ажлын хүрээнд дэд төвүүдийг байгуулж байсан бол харин одоо жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан нэгдсэн хөгжлийн төвтэй болохоор зорьж буйгаа зочдод ярьж байлаа.
Япон, Солонгос улсад олон улсын стандартын төв сигментчлэгдсэн хэлбэрээр сургалт зөвлөгөө өгдөг. Өөрөөр хэлбэл, том нь жижгүүдээ чирж явна гэсэн үг. Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийг үүсгэн байгуулж сургалт, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ковидыг даван туулах боломж бүрдэх юм байна. Бид мэдлэггүй, мэдээлэлгүйгээсээ болоод олон улсын тавцанд гарч чадахгүй байгаа бизнесийхэн ярьдаг. Тиймээс энэ бүхнийг цогцоор нь шийдэх нэгдсэн төв байх ёстой ажээ.
Энэ төвөөр үйлчлүүлснээр ажлын чирэгдэл ард хоцорч, цаг хугацаа хэмнэх давуу талтай. Нэгдүгээрт цахим шилжилт, хоёрдугаарт нэгдсэн төвтэй байж нэг дор цогцоор шийдэгдэнэ гэдэг үндсэн дээр энэ төв байгуулагджээ.
Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, НӨҮГ хүмүүсийн хэлж заншсанаар 7 буудлаас Чингэлтэй рүү өгссөн зам дагуу байрлаж байгаа. Гэр хороололд хамгийн их бичил, дунд үйлдвэрлэгчид байдаг тухай Г.Ганмөрөн дарга хэлж байлаа. Тус төв Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар гэсэн гурван дүүргийн дунд оршиж байгаа нь бас нэг давуу тал ажээ.
Б.Жаргал