Эрүүл мэндийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Дайчлан ажиллуулах тухай” А/632 дугаар тушаалын дагуу нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын үеийн тусламж үйлчилгээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институт болон төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагын резидент эмч нарыг дайчлан ажиллуулахаар болжээ.
Тэгвэл энэ сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд дайчлагдан ажиллах 150 резидент эмчийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилсан юм. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ӨЭМТ-үүдэд хуваарилагдан ажиллаж буй резидент эмч нарт сургалт хийсэн бөгөөд НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд болон Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга Ш.Тэгшбаяр нар коронавируст халдварын үеийн тусламж үйлчилгээтэй холбогдох тушаал, журам, зааврыг танилцуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.