Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат үүрэг гүйцэтгэж байсан цагдааг согтуу жолооч мөргөсөн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ сарын 26-ны 17.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Бөхийн өргөөний хойд уулзвар дээр приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч 44 настай Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж албан үүрэг гүйцэтгэж явсан алба хаагчийг мөргөж гэмтээсэн осол гарлаа.
Тухайн жолоочийн согтуурлын зэргийг шалгахад 3.16 гарсан.
Мөн энэр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт жолооч Э зорчигчийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар гурван хүнийг мөргөж, амь насыг нь хохироосон зам тээврийн ноцтой осол гарсан. Уг ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Зөрчил гаргагчдад холбогдох хуулийн хариуцлагыг тооцно.
Нийт жолооч, зорчигч нартаа анхааруулж хэлэхэд цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа хэдий ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих асуудал гарсаар байна. Энэ нь таныг болон хайртай хүмүүсийг тань эрсдэлд оруулсаар байгааг мартаж болохгүй. Таны хажууд байгаа хэн нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суух гэж байгаа бол таслан зогсоож, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг хүсэж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)