Коронавируст халдвар авч, эмчлүүлж эдгэрсэн иргэдийг вакцины нэмэлт тунд хамруулах тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргалаа. Энэхүү тушаалд зааснаар коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдийг эдгэрсэн өдрөөс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж болно гэж заажээ. Ингэхдээ иргэдийг сайн дурын үндсэн дээр Файзер, Синофарм вакцинаас сонголт хийлгэн вакцинжуулах аж.
Харин дархлаажуулалтын 1 дэх тунд хамрагдаад ямар нэг шалтгааны улмаас давтан тунд хамрагдаагүй гурван сарын хугацаа өнгөрсөн бол тухайн иргэнд дахин нэг болон хоёр дахь тунг хийхээр болжээ. Дээрх шалтгаантай 18-аас дээш насны иргэн мөн Синофарм, Файзер вакцины аль нэгээс сонголт хийж, хоёр тундаа хамрагдах юм байна.
Б.Жаргал