Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын удирдлагууд Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотод суух Өргөмжит консул Евгений Алексеевич Кузьминтэй албан уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны сонгодог урлагийн хамтын ажиллагаа, театр хоорондын уран бүтээлч, мэргэжилтэн солилцооны асуудлыг хэлэлцэж, Улаанбаатар хот болон Красноярск хотын театруудын үйл ажиллагааг эрчимжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг ярилцлаа. Евгений Алексеевич хэлэхдээ: "-Ах дүү, найрсаг харилцаатай бид бүхний хувьд соёл урлагийн үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллахад ямагт нээлттэй, таатай байна. Красноярск хотын театр нь жил ирэх тусам хөгжин цэцэглэж байгаа, чадварлаг уран бүтээлчидтэй театр бөгөөд ДБЭТ-тай хамтран ажиллахад бүх талаараа дэмжин ажиллана" гэдгээ илэрхийлсэн. Өргөмжит консул Е.А.Кузьминийг “Монгол-Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэн яармаг, самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн зэрэг хоёр орны хүмүүнлэг, соёл урлаг, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвх чармайлттай ажиллаж ирснийг үнэлэн 2019 онд ГХЯ-аас “Соёлын элч”-ээр томилсон юм.