Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар албаны бусад хүмүүсийн хамтаар Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй өнгөрсөн амралтын өдөр танилцаж, заавар, чиглэл өглөө. Энэ сарын 15-наас ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд автозамын зорчих хэсгийг түр нээнэ гэв. Тиймээс гүйцэтгэгч компаниудад бэлтгэл ажлаа сайн хангах, ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболдод хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд хурдны хязгаар тогтоох, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих зэрэг бэлтгэл ажлуудыг хийхэд Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллах, хяналт тавих чиг үүргийг өгөв. Мөн гүйцэтгэгч компани ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй бол гэрээг цаашид сунгахгүй. Зохих ёсны торгуулийг төлүүлнэ гэдгийг анхаарууллаа. Энэ жилийн төлөвлөгөөт ажил 80-90 хувийн биелэлттэй байгаа юм байна. Энэ жилийн гол зорилт нийт замынхаа далан, хиймэл байгууламжийг 60-80 хувь орчим хийхээр төлөвлөснөөс 80-90 хувийн биелэлттэй байга аж. Өвлийн улиралд газар шорооны ажил явагдах боломжгүй ч хайрга чулуугаа бутлах, үйлдвэрийн баазад цагариг, хоолой бэлтгэх зэрэг материал бэлтгэлийн ажлаа хийхээр төлөвлөсөн байна.