Соёлын яамнаас арваннэгдүгээр сарын турш хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо” сэдэвт соёлын салбарын залуучуудын зөвлөгөөнийг энэ сарын 11-нд Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгуулах гэж байна.
Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй соёлын салбарын залуучуудын зөвлөгөөнөөр, Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Соёлын яамнаас баримталж буй бодлого болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар салбарын залуучууддаа дэлгэрэнгүй танилцуулах юм. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарын залуучуудын үүрэг, оролцооны талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэхийн зэрэгцээ олон улсын болон манай улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлсэн сайн туршлагыг хэлэлцэх аж.
Соёлын салбарын Залуучуудын зөвлөгөөнд Соёлын яамны залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, яамны харьяа байгууллагууд болон соёл, урлагийн төрөл чиглэлүүдэд байгуулагдсан салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн удирдлагууд, тэргүүлэгчид, гишүүд мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын салбарын залуучуудын төлөөлөл бүхий 2100 гаруй залуучуудыг цахим болон танхимаар оролцуулахаар төлөвлөж бүртгэлийг эхлүүлсэн гэж мэдээллээ.