“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Аргил цагаан өвгөн” туулийг Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд өнөөдөр хайллаа.
Мөн “Эрийн сайн Хан Харангуй”, “Хилин галзуу баатар”, “Наран хан хөвүүн” туульсыг тус өргөөнд залсан юм. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, туульсыг залсны дараа МУСГЗ Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч Эрдэнийн Баатаржав, МУСГЗ Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж нар “Алтайн магтаал”-ыг аялгуулан хайллаа.
Үүний дараа 3800 орчим мөр шүлэгтэй “Аргил цагаан өвгөн” туулийг хайлж эхлэв. “Аргил цагаан өвгөн” тууль нь сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж, муу муухай бүхнийг дарж байх бэлгэдэлтэй цагаан тууль юм. “Аргил цагаан өвгөн” туулийг өглөөний 11.40 цагаас хайлж эхлэн 18.30 цагт жаргаана.
Ёслолын үеэр Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Д.Бум-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам, Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, судлаач Др. Ж.Энэбиш, Ж.Төгсжаргал зэрэг судлаачдын төлөөлөл байлцав.