Халдварт өвчин судлаач, АНУ-ын шилдэг мэргэжилтэн Энтони Фаучи “Ройтерс” агентлагт “Коронавирусын эсрэг вакцины бүрэн тунд иргэд идэвхтэй хамрагдвал Ковид-19 цар тахал ирэх жил гэхэд эндемик өвчин болох магадлалтай. Эндемик болсон өвчин нь бүрэн арилахгүй ч, аюулын түвшин нь багасна” хэмээн ярилаа. Эндемик гэдэг нь тодорхой нэг бүс нутгийн иргэдийн дунд байдаг өвчлөл бөгөөд энэ нь бүрмөсөн алга болдоггүй, голомтлон дахин дахин гарч ирсээр байдаг өвчин гэсэн үг юм. Жишээ хэлэхэд халуун хумхаа өвчин нь Африкийн эндемик өвчин юм.
Дэлхийн долоон тэрбум хүн бүгд вакцины бүрэн тунд хамрагдаж чадвал Ковид-19 пандемикийг эндемик өвчин болголгүйгээр дарж авах магадлал бий ч энэ нь одоогийн нөхцөл байдлаас харахад хүндрэлтэй байгаа юм. Харин вакцинд бүрэн хамрагдаж чадсан улс үндэстэн эндемикт хамрагдалгүй үлдэх боломж бүрэн байгаа билээ. Энтони Фаучийн хэлсэнчлэн Ковид-19 цар тахал хумигдаж, эндемик болох цаг холгүй байж мэднэ. Харин эндемикийг өөрийн бүс нутаг, улс үндэстэндээ авч үлдэхгүйн тулд вакцины бүрэн тунд хамрагдах нь хамгийн зөв арга болох юм байна.
С.Сүлд