Ардын болон уртын дууг шимтэн сонсогч түмэндээ дуулгах сайхан мэдээ байна. “Мөнх тэнгэрийн хурай”, “Энкэр ээж минь”, “Хонгорхон үр минь” зэрэг олон хит дууны эзэн, уртын дуучин Гантөгсийн Эрдэнэчимэгийн “Нэг голын ус” нэртэй цомгийн баяр энэ сарын 26-ны өдрийн 18:00 цагт “Хүн” театрт болох нь ээ. Тэрбээр энэ үеэр цөөн үзэгчийг хамарсан бие даасан анхны тоглолтоо хийх юм байна. Үзэгч, сонсогчдын сонор, мэлмийд огт хүрээгүй дууг ч энэ үеэр дуулах аж. Түүний бие даасан хоёр дахь цомогт монгол зон олны сэтгэлд хоногшсон “Мөнх тэнгэрийн хурай”, “Хонгорхон үр минь” зэрэг сайхан бүтээлүүд багтсан байх юм. Эдгээр дууг “youtube”-ээр 4.5 сая хүн үзсэн байдаг. Дуучин Г.Эрдэнэчимэг цомгийнхоо дууны үг үгийг Монгол бичгээр өөрөө бичсэн нь сонирхолтой санагдав. Г.Эрдэнэчимэг нь 2006 онд “Тунгалаг тамир” нэртэй анхны цомгоо гаргаж байв.
Б.Жаргал