"Монголын амлалт нэхэх эмэгтэйчүүдийн холбоо"-ноос 2022 оныг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгохыг уриаллаа.
Монголын амлалт нэхэх эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Г.Хажидмаа:
-Бид хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг ярихдаа "Одоо яана аа" гэж сошиал орчинд халаглахаас хэтрэхгүй байна. Сүүлийн гурван жилд 4600 хүүхэд хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн гэсэн мэдээлэл байгаа ч нэгнийх нь ч эрхийг нь сэргээгээгүй гэсэн дүн, судалгаа алга. Өнгөрсөн хугацаанд уг асуудлыг УИХ-ын гишүүд, төр засаг анхааралдаа авах нь уу хэмээн бид зөндөө харлаа. Эрх нь зөрчигдөж буй олон мянган хүүхдийн төлөө дуу хоолойгоо хүргэвэл ард түмэн ч та бүхний төлөө байх болно. Ядаж УИХ-ын эмэгтэй гишүүд энэ талаар ярихгүй байгаа нь харамсалтай.
"14 настай хүүхэд бэлгийн харилцаанд орж болно" гэж хуульдаа заасан нь маш олон хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх шалтгаан болж байна. Цар тахлын улмаас дээрх 4 мянга гаруй хүүхдүүдийн 48,9 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. Хүүхдүүдийн эрхийг хамгаалах үйлсэд нам харгалзахгүйгээр нэгдэхийг уриалж байна.
Сүүлийн үед ЕБС-ийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодох үзэгдэл ихэссэн ба үүнд чиглэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тухайн хохирогч хүүхдийг эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах ямар ч заалт байхгүй байна.
М.Зундуйдаваа "Бид өмнө нь хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж, өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд хийсэн тэмцлээ дүгнэн, ямар үр дүнд хүрсэн талаар мэдээлье. Сүрьеэгийн аян, өндөр настны тэтгэврийг нэмэх, тэглэх асуудал зэрэг нь үр дүнд хүрсэн ба УИХ-ын гишүүд тэтгэврийг нэмэх асуудлыг хөндөж, хуулийн төсөл болж дэмжигдэх болсныг та бүхэн мэдэж байгаа билээ.
Гэхдээ Монголд хүний эрх хөсөр хаягджээ. Тэр дундаа үр хүүхдүүд минь эрх чөлөөгүй болж эхэлсэн. Томчуудын эрх одоо яая гэхсэн, харин тэр дундаа хүүхдийн эрх хөсөр хаягдаж, төр засаг, олон улсын байгууллагын анхаарлын түвшинд аваачин анхаарал хандуулах цаг болсон. Хүүхдийн фонд гэж хоёр тэрбум төгрөг цуглуулсан. Одоо тэр мөнгө нь байхгүй болсон сурагтай байна" гэв.