Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас оны шилдэг долоон аж ахуй нэгжийг шалгаруулж, батламж олголоо. Энэ шагнал гардуулах ёслолын үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон цар тахалтай бэрх цаг үед улс орныхоо ачааны хүндийг үүрсэн уурхайчдадаа талархаад, ирэх жил уул уурхайн салбарын 100 жилийн ой тохиож буйд бэлгэшээж байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын томоохон бодлогын баримт бичгүүд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд энэ Засгийн газар уул уурхайн салбарт нээлттэй, либерал бодлого баримталж, хөрөнгө оруулалтын орчныг улам сайжруулахаар зорьж буйг тэрбээр онцлоод дараах аж ахуйн нэгжүүдийг оны шилдэгээр батламжлав. Энэ жил шилдэг ил тод компани гэсэн ангилал шинээр нэмэгдэж, энэ шагналыг “Таван толгой” ХК гардлаа. Шагналыг тодорхойлохдоо Монголын ОҮИТБС-д өгсөн ил тодын тайлангийн сүүлийн гурван жилийн үзүүлэлт, шилэн данс хөтлөлт, худалдан авалтын мэдээллээ компанийн цахим хуудсаар нээлттэй мэдээлсэн эсэх зэрэг мэдээллийн ил тод байдлыг нь үндэслэн олгосон юм.
Оны шилдэг уул уурхайн компани
1. Геологи-хайгуулын шилдэг байгууллага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
2. Шилдэг технологи нэвтрүүлэгч: “Орика монголиа” ХХК
3. Тэргүүний нөхөн сэргээгч: “Уулс заамар” ХХК
4. Шилдэг ханган нийлүүлэгч: “Мера” ХХК
5. Шилдэг зураг төсөл зохиогч: “Рояал рэнж” ХХК
6. Шилдэг туслан гүйцэтгэгч: “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК
7. Шилдэг ил тод компани - “Тавантолгой” ХК