Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хөтөлбөрийг гаргажээ. Энэ жилийн хүүхдийн баяраар “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулна. Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ажиллаж байгаа аж.
НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран Хурлаар хүүхдийн баяраар зохион байгуулах арга хэмжээ, тэдгээрийн хөтөлбөр, зам хаах чиглэл болон анхаарах зүйлсийн талаар мэдээлэл солилцож, холбогдох мэдээллийг нийтэд өглөө.
Тухайлбал, зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд 11:00 цагаас үндэсний агуулгатай, 12:00 цагаас орчин үеийн агуулгатай баярын хөтөлбөр зохион байгуулна. 18:00 цагт тоглолттой. Мөн спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулахаас гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхдүүдэд хэрхэн зөв аялах талаар мэдээлэл өгнө гэсэн юм.