Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өдгөө 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Жаргалтай эх үрс” баярын өдөрлөг өчигдөр боллоо.
Тус төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн дунд 4-6, 7-9, 10-12 насны ангилалд “Миний гэр-Аюулгүй орчин” сэдэвт гар зургийн уралдааныг уламжлал болгон 4 дэх жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ өдөр шилдэг бүтээлийн эздэд шагналыг нь гардуулж өгсөн юм.
Тухайлбал, гар зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүрт “Монголын авто мастеруудын холбоо”-ны зүгээс гарын бэлэг өгсөн бол, ГССҮТ-ийн захиргаанаас насны ангилал бүрт 1, 2, 3 болон тусгай байрын бүтээлийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна. Түүнчлэн хамтран ажиллагч байгууллага болох “МСЭЛ” ХХК, "Trendy shop"-ын хамт олны зүгээс тус бүр 100 буюу нийт 200 ширхэг бэлгийг ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудын 0-12 насны 200 хүүхдэд өгөхөөр болсон бөгөөд өдөрлөгийн үеэр төлөөлөл болгон 40 хүүхдэд бэлгийг нь гардуулж өглөө.
Мөн энэ онд Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан, тус төвийн 11 ээжид уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлэн ГССҮТ-ийн удирдлагууд баяр хүргэж, дурсгалын бэлэг гардуулсан юм.