Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр тус дүүргийн 12 дугаар хорооноос нэр дэвшигч Д.Ууганбаяр цөөн хором ярилцлаа.
Тэрбээр "Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд нэр дэвшигч Э.Билгүүнтэй хамт нэр дэвшиж байгаа. Манай хороо дахин төлөвлөлт хийж байгаа гэх нэрийдлээр сүүлийн найман жил ямар бүтээн байгуулалт хийгдээгүй. Ардчилсан нам олонх болсон тохиолдолд дүүргийн төсвөөс эмнэлэг барьж чадсан юм чинь орон нутгийн төсвөөр дэд бүтцийг айл өрхүүдрүүгээ татна гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн гэр хорооллын хоорондох замуудыг хатуу хучилттай болгоно. Ингэхдээ газар чөлөөлөлтийн асуудал зэргийг шийдвэрлэнэ.
Сүхбаатар дүүрэг бол нийслэлийн төсвийн 30 хувийг бүрдүүлдэг. Мөн орон нутгийнхаа татварын орлогоос нийслэлийн төсөвт татаас төлдөг. Хорооны хувьд сургууль цэцэрлэггүй байсан бол сургууль, цэцэрлэгтэй болсон. Мөн 32 дугаар тойрог орчмын зам нь там болчихсон хэсэг бий. Иргэд машинтай бүү хэл явган алхахадч хүндрэлтэй байдаг. Иймд дүүргийн төсөв дээр 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тендэр зарласан. Ирэх дөрвөн жилд айл болгон руу инженерийн шугам сүлжээ буюу цэвэр, бохир дулааныг татах нөхцөлийг орон нутгийн төсвөөс бүрдүүлнэ" гэв.