1. Алтан-овоо, Шилийн богд
Алтан-Овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд зах Дарьганга сумын төвийн дэргэд оршдог. 1354 м өндөр шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн бөгөөд галт уулсын хүрмэн чулуу их. Амсар нь баруун хойшоо сэтэрч урссан байдаг. Харьцангуй өндөр нь 100 м боловч аль ч талаасаа 60 км-ийн алсаас сүр бараатай харагддаг галт уул юм. Алтан-Овоо уулыг бүр 1700-аад оноос нутгийн тахилгатай болгосон бөгөөд 1913 оноос төрийн их тахилгатай уул болгосон билээ.
2. Хамарын хийд
Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ.
3. Говь гурван сайхан
Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх 3 том нуруу. Гурвансайхны нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2846 метр юм. Энэ ууланд алдарт Ёлын-Ам бий. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулж 1993 онд 2 694 307 га талбайг хамруулан баталгаажуулсан.
4. Хэрмэн цав
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Хүний хөл төдийлөн хүрээгүй, эртний үлэг гүрвэлийн өлгий нутаг, их далайн ай сав байсан ба үлэг гүрвэлийн яс, палеонтлогийн олдвороор баялаг нутаг.
5. Хонгорын элс
Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Зөөлний нуруу, Хатан Сэврэй уулын хойд хормойгоор сунан тогтсон Хонгорын элс 180 орчим километр , 3-5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан юм. Гадаад дотоодын зочид гийчдийн сэтгэл зүрхний нэгээхэн хэсгийг өөртөө шингээн, халуун илчнээсээ харамгүй хайрладаг.
6. Баянзаг Улаан эрэг
Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Дэлхийд Монголын говийг анх сонсгосон заган ой, эртний үлэг гүрвэлийн өлгий, улсын хамгаалтанд орсон түүх соѐлын үл хөдлөх дурсгал. Америкийн эрдэмтэн Эндрюс энд ирээд GOBI гэдэг үгийг Дэлхийд анх таниулсан. Дэлхийн байгалийн 7 гайхамшигт нэр дэвшиж буй газар.
7. Орхоны хүрхрээ
Өвөрхангай аймгийн Хархорин хотоос 132 км зайтай, Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ.
8. Эрдэнэ зуу хийд
Эрдэнэ зуу нь манай орны хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг.
9. Төвхөн хийд
Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын төвөөс зүүн хойш 20 гаруй км зайд Төвхөн ширээт хэмээх уулын орой болох түшлэгт суудал мэтээр тогтсон байц хайдны дундах багавтар тавцан дээр Төвхөн хийд оршдог. Анх 1648 онд l Богд Занабазар арав гаруй настай байхдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон үзэж, 1651 оны үед номын бясалгал хийх чулуун туурга ханатай жижиг байшин бариулсан байна. Энэ нь одоогийн Төвхөн хийд билээ.
10. Тэрхийн Цагаан нуур, Хорго
Архангай аймгийн Тариат сум. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио ангал агуй асга хоргодох газар ирхтэй тул Хорго гэж нэрлэсэн. Амсар нь 300-400м, гүн нь 70-80 м, гадна талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм. Тэрхийн Цагаан нуур д.т. дээш 2060 метр өндөрт байдаг. Нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт 16 км, өргөн 5-6 км, гүн 6-20 м. Ганц Суман гол тэндээс эх аван урсдаг. Дундаа жижиг аралтай.
11. Билгэ хааны онгон цогцолбор
Архангай аймгийн Хашаат сумын нутагт Хархориноос зүүн хойш 40 км-т, орших YI-YIII зууны үед цэцэглэж байсан Түрэг улсын хаан Билгэ, түүний дүү Культегины тахилгын цогцолбор хадгалагдан буй. Дэлхийн шинжлэх ухаанд “Орхоны бичээс” гэж алдаршсан бичиг түүхийн ховор нандин дурсгал болох Билгэ хааны гэрэлт хөшөө Түрлэг улсын сүүлчийн алдарт хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан билээ.
12. Ээж хайрхан
Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуйзарманы говьд байдаг. Уулын хажууд тогтсон тогооны ус хальж доод талын тогоо руу урсана. Цөлийн нар салхи энэ уулын хажуу хормойн хад чулууг элдэв дүрстэй болгон элээж, нүх сүв гаргасан нь уран хүн хийсэн гэлтэй. Уулын баруун хэсэгт чулуулгын лав судал дагаж цувран тогтсон 9 тогоо нь ногоон хүрээтэй бөгөөд эхний тогоо дүүрээд усаа 40-50см жижиг хүрхрээ үүсгэн нөгөөдөө юүлдэг. Тогоонууд дундажаар 2-3м. Ээж хайрхан ууланд мазаалай, заг, хөх ногоон зээргэнэ зэрэг бий.
13. Увс нуур
Увс нуур нь далайн түвшнээс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хойд хагаст оршино. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг.
14. Хойд цэнхэрийн агуу
Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Хойд цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхгүйгээр хадгалан бидний ше хүргэжээ. Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан 4 хунх бий.1-р хунх. Энд 20 гаруй канна гөрөөс, могой тэргүүтнийг зурж үлдээжээ.
15. Алтай Таван богд уул
Алтай Таван богд нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүрдэнэ.
16. Цагаан гол
Алтай таван богдоос эх авсан олон мөсөн голын нэгийг өвөл зунгүй мөс хэвээр цав цагаан байдгаар нь Цагаан гол хэмээн энэ нутгийнхан нэрлэсээр иржээ. Голын урт нь хагас өртөө гаруй /20 км/ юм.
17. Хөвсгөл нуур
Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг.
18. Хар балгас
Төв Азийн нүүдэлчин ард түмний дунд VII-IX зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Ордубалык гэдэг их тотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхоны хөндийд буй. Үүнийг нутгийн ардууд Хар балгас гэдэг.
19. Өглөгчийн хэрэм
Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45км-ын зайд Дайчин уулын аманд шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм хэмээдэг байна. Энэ хэрэм нь ойролцоогоор гурван км орчим бөгөөд урд талдаа хоёр хаалганы оромтой ажээ. Хэрмийн хана 3.1 метр өндөр, 2.5 метр зузаантай юм. Уг хэрмийн дунд алсаас тодхон харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн домог болгон ярьдаг байна.
20. Ноён уулын Хүннүгийн булш
Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв. Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ.
21. Тайхар чулуу
Архангай аймгийн Ихтамир сумын нутагт Цэцэрлэг хотоос 22 километрт Хойд Тамир голын захад байдаг. Тайхар чулууны өндөр нь 18 метр бөгөөд боржин чулуунаас бүтсэн цохио юм. Тамирын гол хойд эргийнхээ боржин хошууг олон сая жилийн турш эвдэн элээсээр дундуур нь тасалж энэ цохиог үүсгэжээ. Тайхар чулуунд Түрэг, Уйгар, Монгол, Түвд, Манж, Хятад зэрэг эрт эдүгээгийн олон улс үндэстний хэлээр бичсэн YII-XYII зууны үеийн 150 гаруй бичээс байдаг боловч он жил өнгөрөх тусам улам бүдгэрч баларч байна.
22. Бага газрын чулуу
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд бий. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, д.т.д 1768 метр өндөр, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг.
23. Бурхан Халдун уул
Эзэн Чингэсийн үеэс өнөөг хүртэл тахин шүтэж,хайрлан хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан Халдун уул юм. Энэхүү шүтэлгэт Бурхан Халдун уул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хэрлэн голын эхний баруун гар талын цутгал болох Богдын голын эхэнд далайн түвшнээс дээш 2361.5 м өндөрт өргөгдөн оршино. Бурхан Халдун уул Улаанбаатар хотоос шулуунаар 186 (279) км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас шулуунаар 75 (86) км зайд оршдог.
24. Хар зүрхний хөх нуур
Эзэн Чингэсийн Монголын их гүрний хаан ширээнд заларсан ”Хар Зүрхний Хөх” нуур Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Бага Буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд байдаг. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товцоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх усны нэрүүд гардаг.