БАРИМТ 1
Тэрбээр 2007 онд Улаанбаатар хотод төрсөн. 18 настай.
БАРИМТ 2
Монголын эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ болон “Улаанбаатар Амазонс” багийн тамирчин.
БАРИМТ 3
Тэрбээр нийслэлийн нэгдүгээр сургуулийг төгсөөд АНУ-ын "SPIRE" академид суралцан өнгөрсөн жил эх орондоо эргэн ирсэн.
БАРИМТ 4
Н.Нандинхүсэл 177 см өндөр, 65 кг жинтэй бөгөөд анх 14 настайдаа үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан нэгэн юм.
БАРИМТ 5
Мөн “Улаанбаатар Амазонс” багт 16 настайдаа тоглож эхэлсэн. Улаанбаатар Амазонс багийн бүрэлдэхүүнд хоёр улирал тоглохдоо хоёуланд нь аварга авсан.
БАРИМТ 6
2022 оны Азийн 18 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн бөгөөд 2023 онд болсон 3x3 U18 дэлхийн аваргад эхний өдрийн дараа хамгийн өндөр оноотой эмэгтэй тоглогч болж байжээ.
БАРИМТ 7
Монгол Улсад зохиогдсон 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ-нд шигшээ багт тоглож ДАШТ-ний мөнгөн медалийг хүртсэн юм. Энэхүү багийн амжилт нь Монгол Улс анх удаа сагсанбөмбөгийн спортоор ДАШТ-ээс медаль авч буй тохиолдол юм.
БАРИМТ 8
FIBA 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Монголын шигшээ багийн тамирчдыг өнөөдөр МУГТ цол тэмдгээр шагналаа. Иймд тэрбээр 18 насандаа МУГТ цол хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байна.
БАРИМТ 9
Н.Нандинхүсэл нэгэн ярилцлагадаа "Би АНУ-ын WNCAA-д тоглох мөрөөдөлтэй" хэмээн ярьж байв. Тэгвэл ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэний дараа буюу өчигдөр NCAA-ийн хоёрдугаар дивизонд харьяалалтай Флоридагийн технологийн их сургуулийн Пантерс баг Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж буйгаа зарлажээ.
БАРИМТ 10
Мөн тэрбээр Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдэж энэ сард БНХАУ-д зохион байгуулагдах FIBA Womans Asia cup 2025-д өрсөлдөхөөр болжээ.