1.Дурангаар од харах
Жуковын музейн хойд зүгт байрлах Астропарк, мөн Баянзүрхийн товчооноос урагш орших Хүрэл тогоот одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнд очиж од харах боломж бий.
2.Аялж зугаалах
Монголын сайхан байгаль нутгаас гадна гаднын улс орнуудаар аялж, шинэ юм үзэж нүд тайлах нь юу юунаас илүү сайхан амралт болж, биеэ эрч хүчээр цэнэглэхээс гадна дурсамж болон үлдэх юм.
3.Ном унших
Зусланд, голын эрэг дээр, майханд, цэцэрлэгт хүрээлэнд, эсвэл байрныхаа гаднах тоглоомын талбайн сандал дээр суугаад дуртай номоо уншаарай.
4. Жимс түүх
Жимс бүрэн боловсрох цаг үе тохиож байна. Жимс түүж явахад цаг хугацаа үл анзааран маш хурдан өнгөрсөн байдаг. Гол нь байгальдаа халгүй түүх хэрэгтэй шүү.
5. Пикник хийх
Байгалийн сайханд аялж зугаалаад бэлдсэн хоол, зуушаа гэр бүл найз нөхөдтэйгөө сууж идэхэд хоол хүртэл цаанаа сайхан амттай байдаг шүү.
6. Шорлог, хорхог хийх
Зуны улирлыг шорлоггүйгээр төсөөлөшгүй гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Гэхдээ ногоон бүсэд ил гал гаргах нь түймэр дэгдээх эрсдэлтэй гэдгийг юуны өмнө сануулж байна.
7.Алхах, гүйх, ууланд авирах
Бид өдөр өдрөөс хөлөө улам бага "ашигладаг" болж байна. Эрүүл байх нь дасгал хөдөлгөөнтэй шууд холбоотой учраас та ойролцоох цэцэрлэгт хүрээлэн, талбай, зуслан гээд хаа сайгүй өглөө алхаж гүйхийг зөвлөж байна.
8.Хэзээ ч хийж үзээгүй зүйлээ турших
Хэрвээ та экстрим зүйлд дурладаг бол параглайд, тандем, хөнгөн онгоцоор нисэх, шүхрээр буух боломжтой. Энэ бүгдийг Монголд, Улаанбаатар хотноо хий боломжтой юм.
9.Цэцэг мод тарих
Зөвхөн хашаандаа гэлтгүй гэртээ тасалгааны шинэ төрлийн цэцэг тарих оройтохгүй шүү. Хүмүүс хашаагаа цэцэрлэгжүүлж, төрөл бүрийн ургамал ногоо тарьснаар сайхан таашаал авч, амарч чаддаг.
10.Усанд сэлэх, сэлж сурах
Бороо ихтэй энэ цаг үед гол мөрөн үертэй байгааг анхааруулж байна. Гол усанд орохдоо болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас байнга сануулж байгаа тул та бүхэнд гол руу зүглэхийг санал болгохгүй нь. Харин усан санд сэлж, биеэ чийрэгжүүлэн, сэлж чаддаггүй нэгэн нь сурахыг зөвлөж байна.
11.Жингээ хасах
Зун жингээ хасахад хамгийн тохиромжтой улирал гэдэг. Учир нь зун ямар ч дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтойгоос гадна уул руу авирч, уруудаж, усанд сэлж, хөнгөн хоол идэхэд тааламжтай байдаг.
12.Амралт, рашаан сувилалд явах
Өдөр бүрийн нэгэн хэвийн амьдралаасаа болж ядаргаанд орж байна уу? Түр ч атугай энэ бүхнээс холдож, амралтын газар амарч, сувилуулж, хууч өвчнөө эмчлүүлэн биеэ чийрэгжүүлэн шинэ эрч хүчээр цэнэглээрэй
13.Жимсний чанамал хийх
Гүзээлзгэнэ, нэрс, үхрийн нүд гээд төрөл бүрийн жимс жимсгэнэ боловсордог энэ цаг үед сайхан амттай чанамал хийж хадгалаад аваарай. Мөн жимсээрээ төрөл бүрийн амттан, бялуу хийж ч болох юм.
14. Спортоор хичээллэ
Хөлбөмбөг, бэйсбол, сагс, волейбол, теннис, биллиард гээд тоочоод байвал спортын олон төрөл байна даа.
15.Хөгжмийн фестивальд явах
Наймдугаар сард хэд хэдэн хөгжмийн фестиваль, тоглолт болно.
16.Усаар байлд
Хүүхэд насны хамгийн дурсамжтай өдрүүдээ эргэн нэг санаарай! Усаар байлдах ямар хөгжилтэй байдаг билээ. Найз нөхөд, хүүхэд багачуудтайгаа зуны халуун өдөр сэрүүцээд аваарай.
17.Зайрмаг хийх
Зайрмаг хийх бэлэн бүтээгдэхүүн байдгаас гадна интернэт дэх жоруудаас өөрт таалагдсанаа сонгон хийгээрэй.
18.Амтат гуагаар ундаа хийж уух
Амтат гуаны хальсыг нь аваад, дотор хэсгийг блендэрт хийгээд, мөс, бага зэрэг нимбэгний шүүс хийгээд хутгахад л хангалттай.
19.Нар мандах, нар жаргахыг харах
Гэр бүл, найз нөхдийнэ хамт салхинд гарангаа нар мандах, нар жаргахыг хараарай.
20.Дугуй, дугуйт тэшүүр унаж сурах
За би ямар жаахан хүүхэд биш дээ гэж бодож байна уу? Дугуй, дугуйт тэшүүр /роллик/, дугуйт тавцан /скэйт/ зэргийг унаж, сэтгэлээ сэргээгээрэй. Хэрвээ чадахгүй бол унаж сурахад яагаад болохгүй гэж? Хүүхдэдээ ч зааж өгөхийг зөвлөж байна.
21.Гэр орон, хашаа хороогоо цэгцлэх
Хашаагаа цэгцэлж, хүүхдийнхээ тоглоомын талбайг тордож, эсвэл орон сууцанд амьдардаг бол гэртээ хөнгөн засвар хийж, тавилгынхаа байршлыг өөрчлөхийг санал болгож байна. Мөн тагтаа өөрийн хүссэнээр засаж тохижуулаарай.
22.Загасанд явах
Зуны өдрүүдэд загасанд явж үзээрэй. Таны шинэ хобби ч болж магадгүй юм.
23.Хайртай дотнын хүндээ гэнэтийн бэлэг барь
Мэдээж дотнын хүнээ та үргэлж баярлуулж байх хэрэгтэй. Зун гэж онцолж энэхүү жагсаалтад оруулсан учир нь дулааны улиралд шинэ содон юм сэдэж олоод тэрийгээ хэрэгжүүлэхэд нөхцөл боломж сайхан бүрддэг учраас л тэр.
24.Ажил хичээлдээ бэлдэж, бүхнээ цэгцэл
Эцэст нь хэлэхэд амралтын улиралд хичээл сургууль, ажлынхаа шаардлагатай хэрэгтэй зүйлсийг бэлтгэхээс гадна өрөө тасалгаа, хувцасны шүүгээ, компьютер, нийгмийн сүлжээгээ хүртэл сайтар цэгцлээд ав.



















































Сэтгэгдэл (20)