Нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабт мэргэжлийн байгууллагуудын нийт 95 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Бүрэлдэхүүн 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ.
2025.08.20-ны өдрийн 18:30 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмоор орж байгаа бороо 20 цаг хүртэл борооны эрчим сул хэвээр үргэлжилж, 20:00 цагаас хойш үүлний услагийн хэмжээ буурч, оройдоо бага зэргийн бороо орох төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээллээ. Өнөөдөр 05:00 цагаас хойш 18:30 цагийн байдлаар Улаанбаатар хотод 23-32мм хур тунадас ороод байна.
Үер, усны холбогдолтой дуудлага мэдээлэл 101, 105, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын тусгай дугааруудаар авч байна. 18:00 цагийн байдлаар нийт 16 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 5 дуудлага мэдээлэлд зөвлөгөө өгч, 11 дуудлага дээр хариу арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.
ХУД-ийн "Хүннү 2222" хорооллын авто зам дагуу, БГД-ийн 4 дүгээр хороо Вокзалын арын авто зам, СХД-ийн 18 дугаар хорооны 22а 14-р байрны голын зам талбайд ус тогтсон мэдээллийн дагуу ГУББГ, УСУГ-аас усыг соруулан ажиллаж байна.
УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал 1000 м3-р нэмэгдэж, хог ихээр төвлөрч байна. Төв коллекторын бохир усны шугамын худгууд ажлын талбайгаас 30см түвшин дээшилж ачаалал ихтэй ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)