
Дубайгаас Израилын Тель-Авив хотыг чиглэн нисэж байсан Flydubai компанийн онгоцонд ноцтой хэрэг гарч, нэг нисгэгч нь хамтран ажиллаж байсан ахмад нисгэгчээ хутгалсан хэрэг гарчээ. Улмаар халдлага үйлдсэн нисгэгч онгоцны удирдлагыг авахыг оролдсон ч зорчигчид болон нисэх багийн гишүүд түүнийг зогсоосноор болзошгүй ослоос сэргийлж чадсан байна.
Уг онгоц есдүгээр сарын 30-нд Дубайгаас Тель-Авивыг чиглэн нисэж байх үед нисгэгчдийн бүхээгт халдлага гарчээ. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн мэдээлснээр, Оманы иргэн дэд нисгэгч Энэтхэгийн иргэн ахмад нисгэгч Смит Маччхарыг хутгалсан байна. Халдлагын үеэр онгоц хэдхэн арван секундын дотор ойролцоогоор 14 мянган фут буюу 4200 метрээр огцом доошилжээ. Мөн онгоцны сүүл хэсэг гэмтсэн байна.
Хутгалуулсан ахмад нисгэгч шархадсан хэдий ч бүхээгийн хаалгыг нээж чадсан бөгөөд зорчигчид бүхээг рүү нэвтэрч, халдлага үйлдсэн нисгэгчийг барьж тогтоожээ. Үүний дараа нисэх багийн бусад гишүүд онгоцны удирдлагыг гартаа авч, аюулгүй газардуулах арга хэмжээ авсан байна.

Онгоц Саудын Арабын Табук хотын нисэх онгоцны буудалд яаралтай газарджээ. Онгоцонд 174 орчим хүн зорчиж байсан бөгөөд ослын буултын үеэр гурван зорчигч хөнгөн гэмтэж, эмнэлгийн тусламж авсан байна. Израилын Ерөнхий сайд Нетаньяху зорчигчид болон нисэх багийнхны үйлдлийг сайшааж, тэд олон хүний амийг аварсан гэж мэдэгджээ. Тэрбээр хутгалуулсан ахмад нисгэгчийг мөн “баатар” хэмээн нэрлэсэн байна.
Халдлага үйлдсэн гэх нисгэгчийг Саудын Арабын эрх баригчид баривчилж, хэргийн шалтгаан болон зорилгыг тодруулахаар мөрдөн шалгаж эхэлжээ.
Эхний мэдээллээр Израилын тал уг явдлыг болзошгүй онгоц барьцаалах оролдлого гэж үзэн сөнөөгч онгоцуудаа бэлэн байдалд оруулсан байна. Харин Flydubai компани бүхээгт хэрэг явдал гарсныг баталж, нисэх багийн бусад гишүүд онгоцыг хяналтад авч, аюулгүй газардуулсан гэж мэдээлжээ. Одоогоор халдлагын шалтгаан, нисгэгчийн үйлдлийн цаад зорилго эцэслэн тогтоогдоогүй байна.























































