
БНСУ-ын нийслэл Сөүл хотын Намдэмүн захад ороолт худалдаалдаг нэгэн эр өөрийн барааг авахгүй байхыг үйлчлүүлэгчдэд зөвлөдөг өвөрмөц арга барилаараа цахим орчинд алдаршиж, өдөр бүр олон зуун хүнийг өөрийн дэлгүүрт татах болжээ.
Түүнийг цахим хэрэглэгчид “Намдэмүний ороолттой ах” хэмээн нэрлэдэг байна. Тэрбээр үйлчлүүлэгчдэд бараагаа магтан сурталчлахын оронд “Манайх муу бараа зардаг гэдгийг мэдсээр байж ирсэн юм уу?”, “Та нар нохойн байшиндаа ороолт авах гэж байгаа юм уу?” гэх зэргээр хошигнон ярьдаг аж. Зургаан ороолтыг 10 мянган воноор буюу ойролцоогоор долоон ам.доллароор худалдаалдаг байна.
Түүний үйлчлүүлэгчидтэй харилцаж буй хөгжилтэй бичлэгүүд нийгмийн сүлжээнд тархаж, Instagram хуудсыг нь 100 мянга гаруй хүн дагах болжээ. Улмаар дэлгүүрийг нь зорих хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, зарим нь ороолт худалдан авахаас илүүтэй түүнтэй уулзахын тулд холын зам туулан ирдэг болсон байна.
Тэрбээр цахим дэлгүүр нээсэн бөгөөд эхний ээлжийн бараа нь 24 цагийн дотор зарагдаж дуусжээ. Гэвч захиалга хэт олширсон тул худалдан авагчдаас захиалгаа цуцлахыг хүртэл хүссэн байна. CNN-ийн сурвалжлах баг түүнтэй уулзахаар гурван өдөр дараалан дэлгүүрт нь очсон ч сүүлийн өдөр дэлгүүрээ хааж байх үед нь богинохон уулзаж чаджээ. Сэтгүүлчид ярилцлага өгөхийг хүссэн боловч тэрээр инээмсэглэн гараа даллаж, татгалзсан байна.
Харин олны анхааралд өртсөн ч тэрээр цахим од болохыг эрмэлзэхгүй байгаа нь бусдаас ялгарах нэг онцлог юм.
Л.Баяр
























































