
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Калифорни мужийн иргэн 34 настай эмэгтэйг Хятадын Засгийн газрын бүртгэлгүй төлөөлөгчөөр ажиллаж, Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэрэгт буруутган баривчилжээ. Хятад гаралтай Ваньин Жан буюу “Хизер” Жанг өнгөрсөн ням гарагт Лос-Анжелесын олон улсын нисэх онгоцны буудалд Хятад руу нисэхээр бэлдэж байх үед нь баривчилсан байна. Түүнийг гадаадын засгийн газрын нэрийн өмнөөс бүртгэлгүй үйл ажиллагаа явуулсан гэх холбооны хэрэгт буруутгажээ.
Холбооны мөрдөн байцаалтын баримтад дурдсанаар, Жан 2025 онд Хятадын албан тушаалтнуудын зааврын дагуу Вашингтон мужийн Сиэтл хотод очиж, Тайванийн төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн талаар мэдээлэл цуглуулсан байна. Түүний бай нь Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн АНУ-д амьдардаг хүү Лай Тин-юй байсан гэж АНУ-ын эрх баригчид мэдээлжээ.
Жан хамтрагчийнхаа хамтаар Сиэтл хотод очиж, хар өнгийн автомашин түрээслэн тухайн гэр бүлийн оршин суудаг газрын ойролцоо ажиглалт хийсэн гэх мэдээлэл байна. Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар тэрээр Лай Тин-юй, түүний эхнэр болон хүүхдийг гэртээ ирэх үеэр нь зураг, дүрс бичлэгт буулгажээ.
Мөн Жан Хятадын талд тухайн гэр бүлийн автомашины улсын дугаартай холбоотой мэдээлэл дамжуулсан гэж холбооны гомдолд дурдсан байна. Мөрдөгчид түүний iCloud бүртгэлээс WeChat мессежүүдийг гарган авч, Хятадын Засгийн газартай холбоотой байж болзошгүй хүмүүстэй харилцаж байсныг тогтоосон гэжээ.
АНУ-ын прокурорын мэдээлснээр Жан гадаадын засгийн газрын нэрийн өмнөөс ажиллаж байгаагаа АНУ-ын Ерөнхий прокурорт бүртгүүлээгүй байна. Үүнийг АНУ-ын хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Харин Тайванийн Ерөнхийлөгчийн Тамгын газар уг явдлыг “улс дамнасан хэлмэгдүүлэлт”-ийн шинжтэй үйлдэл хэмээн тодорхойлж, АНУ-ын талд талархал илэрхийлжээ.
Жан Лос-Анжелесын холбооны шүүхэд аравдугаар сарын 5-нд анхны шүүх хуралдаа оролцохоор болсон байна. Түүнд өмгөөлөгч байгаа эсэх одоогоор тодорхойгүй бөгөөд түүнд тавьсан хэрэг нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байна.
Л.Баяр






















































