
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан түгээх компаниудын ухаалаг тоолуурын шинэчлэлийг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр шийдвэр гаргажээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.05 сая орчим цахилгаан тоолуур ашиглаж байна. 2026 оны эцэст ухаалаг тоолуурын тоо 855.1 мянгад хүрч, нийт тоолуурын 82 хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа бөгөөд 2027 онд энэ үзүүлэлтийг 90 гаруй хувьд хүргэхээр ажиллаж байна.
Ухаалаг тоолуур нь зөвхөн хэрэглээ хэмжих төхөөрөмж бус, хэрэглэгч цахилгаан хэрэглээгээ хянах, удирдах, төлбөрөө хэмнэх боломжийг бүрдүүлэх дижитал шийдэл юм.
Ухаалаг тоолуур нь түгээх сүлжээний алдагдал, хууль бус хэрэглээг бууруулах, тасалдал саатлыг шуурхай илрүүлэх, хэрэглээний бодит мэдээлэлд тулгуурлан эрчим хүчний төлөвлөлт, тарифын зохицуулалтыг боловсронгуй болгох чухал ач холбогдолтой.
Эрчим хүчний зохицуулах хорооноос түгээх компаниудад алдагдлыг бууруулах зорилт тогтоож, алдагдлын бууралтаас бий болох үр ашгийг ухаалаг тоолуурын шинэчлэлд чиглүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 2027 онд санал болгосон түгээлтийн алдагдлын дундаж түвшнийг 13.6 хувиас 8.6 хувь хүртэл бууруулах боломжтой гэж тооцоолж байна.
Цаашид цахилгаан түгээх компаниудын ухаалаг тоолуурын системийг өгөгдөл солилцох нэгдсэн стандартын дагуу үе шаттай холбож, хэрэглээний мэдээллийг төлбөр тооцоо болон хэрэглэгчийн цахим үйлчилгээтэй уялдуулна.
Ингэснээр эрчим хүчний салбар бодит мэдээлэлд суурилсан удирдлагатай болж, ухаалаг сүлжээ (Smart Grid), гэрээт зах зээлийн хөгжлийн суурь нөхцөл бүрдэх юм.
Ухаалаг тоолуурын шинэчлэл бол хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг сайжруулахын зэрэгцээ эрчим хүчний алдагдлыг бууруулж, салбарын үр ашгийг нэмэгдүүлэх чухал хөрөнгө оруулалт юм.





















































