
"Хоёрдугаар эмнэлгийн 100 гаруй аппаратын баталгаажуулалтын хугацаа дууссан"
Шалгалтад улсын клиникийн төв эмнэлгүүд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв хамрагдсан юм.Нэгдүгээр эмнэлэг л гэхэд цусны даралт хэмжих зориулалттай аппаратыг бүрэн баталгаажуулаагүй. Харин Хоёрдугаар эмнэлгийн 100 гаруй аппаратын баталгаажуулалтын хугацаа дууссан байсан бол Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв огт баталгаажуулаагүй, барилгын зоорийн давхарт болон шаардлага хангахгүй байр талбайд хийн баллон хадгалсан байжээ.
Улсын байцаагч нар дөрвөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, таван албан шаардлага өгч, 50 гаруй эмч, инженер техникийн ажилтанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Жингүүд нь эвдэрхий, баталгаажуулалтгүй байхад онош бичдэг байжээ
Мөн жин хэмжүүр баталгаагүй байх тохиодол нэлээд илэрсэн байна. Тодруулбал, Өвчтөнг жин дээр хэмжиж, өндөрийг үзсэний дараа тухайн хүний жин өндөрт харьцуулалт хийж эмийн тунг тааруулдаг. Гэтэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний тасагт хэрэглэгдэж байгаа 600 кг хүртэл жигнэх жин эвдэрхий, улсын баталгаагүй байсан. Түүнчлэн, Хавдар судлалын үндэсний төв, гуравдугаар эмнэлгүүд даралтын савны хэмжээ, тунгыг хардаг хэмжүүр эвдэрхий, улсын баталгаажуулалт хамрагдаагүй байжээ."ЭХЭМҮТ буруу заалттай аппарат хэрэглэж байсан учир торгосон"
Энэ мэт улсдаа томоохонд тооцогдох эмнэлгүүдэд зөвхөн хэмжилт, стандартын зарим хэрэгсэлд шалгалт хийхэд ийм олон зөрчил дутагдал илэрсэн байна. Улмаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээн авах тасгийн эмчийн даралтын аппарат нь буруу заалттай, эвдэрхий, баталгаагүй хэмжих хэрэгсэл хэрэглэсэн байсан учир торгуулийн арга хэмжээ авчээ.Юутай ч шалгалтын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэмжилзүйн хяналтын ахлах байцаагч О.Ганбаяраас дараах зүйлийг тодрууллаа.
Улсын томоохон эмнэлгүүдэд шалгалт хийсэн. Шалгалтыг хэзээ хийсэн вэ?
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтэцийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу томоохон эмнэлгүүдэд эмчилгээ, шинжилгээ, оношлогоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн хэмжилт нь үнэн зөв эсэх болон даралтат савны угсралт ашиглалт аюулгүй ажиллагаанд шалгалтыг хийсэн.
Энэхүү шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр хийсэн байгаа. Хяналт шалгалтад Улсын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар төв эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвүүд хамрагдсан.
-Шалгалтаар ямар зөрчил илэрсэн вэ?
-Хэмжилзүйн чиглэлээр гол илэрсэн зөрчил гэвэл хүний цусны даралтыг үздэг аппарат улсын баталгаажуулалт огт хамрагдаагүй байсан. Тухайлбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Хадвар судлалын үндэсний төвийн аппаратууд баталгаажуулалтанд хамрагдаагүй байсан юм. Харин бусад эмнэлгүүд нь бүрэн хамруулсан байсан боловч заримынх нь баталгаажуултын хугацаа дууссан байсан.
-Илэрсэн зөрчил дутагдалд ямар арга хэмжээ авсан бэ?
-Шалгалтад хамрагдсан таван эмнэлгийг хяналтын хуудсаар эрсдэлийг нь үнэлсэн Таван эмнэлгийн 40 хувь нь бага эрсдэлтэй, 60 хувь дунд эрсэлтэй гарч байгаа. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 86 заалт бүхий таван албан шаардлага хүргүүлсэн. Хууль тогтоомж зөрчсөн нэг эмнэлэгт торгуулийн арга хэмжээ авсан байгаа.
-Эмнэлгийн хэрэгслийн баталгааг хаанаас авах ёстой юм вэ?
-Хэмжилтийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль гэж байдаг. Хуулинд хүн эмнэлгийн шинжилгээ оношлогоо хэмжих хэрэгсэлийг зайлшгүй улсын баталгаатай байх ёстой. Хэмжих хэрэгслүүдийг Стандарт хэмжилзүйн үндэсний төвтэй жил бүр арванхоёрдугаар сард хэмжих хэрэгслийн баталгаажуулж гэрээ хийх ёстой. Гэрээний үндсэн дээр ямар хэрэгслийн улсын баталгаажуултанд хамруулах вэ гэдгийг зааж өгдөг юм.
-Шалгалтыг зөрчлийг арилгуулах хугацаатай шаардлага өгчихсөн байгаа. Дахин шалгалт хийгээд зөрчил нь арилгаагүй байвал ямар арга хэмжээ авах вэ?
- Хугацаат албан шаардлага биелүүлээгүй байвал дараагийн арга хэмжээ аваад явна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (17)