
Тэрээр энэ арга хэмжээний үеэр ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Кристиан Шмит, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Герд Мюллер нартай уулзан хүнс, хөдөө аж ахуйн салбарт урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагаагаа өрнүүлэх, хамтарсан төсөл, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, Германы хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, мах, сүүний чиглэлийн үхэр импортлоход урт хугацааны лизингийн үйлчилгээ, санхүүгийн бусад нэн таатай нөхцөлийг ашиглах боломжийн талаар санал солилцох юм. Мөн ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоровтой хийх хоёр талын уулзалтаараа дээд хэмжээний айлчлал, яам болон Засгийн газар хоорондын комиссын үеэр тохиролцсон махны экспорт, Монголын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шат, үр тарианы шинэ сортын үр гарган авах, нутагшуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг ярилцахаар төлөвлөлөө.
ХХАА-н сайд Р.Бурмаа Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцох үедээ найрсаг хамтын ажиллагаатай Болгар, Латви, Казахстан, Беларус улсын Хөдөө аж ахуйн дэд сайд нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.