УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, өрийн дээд
хэмжээг ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын
гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн,
Ц.Даваасүрэн нарын гишүүд улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015
онд одоо байгаа хэмжээнд нь буюу 58.3 хувь байхаар төсөлд тусгах нь
зүйтэй гэсэн санал гаргасан нь Төсвийн байнгын хорооны хуралдаанд
оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй.
Ингээд Байнгын хорооны дэмжээгүй
саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад
чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 45 нь буюу 91.8 хувь нь
татгалзсан санал өгснөөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн "улсын нийт өрийн ДНБ-д
эзлэх хувь хэмжээг 2015 онд 60.0 хувь" гэснийг “58.3 хувь” гэж
өөрчлөхөөр болж хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр
Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы нэгдсэн хуралдааны дундуур
Төсвийн байнгын хороо хуралдаж хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг
хийж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж
хэлэлцүүлэхээр болов. Мөн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017
оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн
тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг
хийж, төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг чуулганы
хуралдаанд оруулахаар тогтлоо.
Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд энэ онд улсын өрийг ДНБ-ийн 60 хувьтай тэнцэж байхаар оруулж ирсэн юм. УИХ-ын гишүүдийн тайлбараар 60 хувь, 58.3 хувийн хооронд 460 тэрбум төгрөгийн зөрүү үүсч буй аж. Гэхдээ УИХ өрийн хэмжээг энэ оны эцсийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцэхээр баталлаа ч Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 900 тэрбум төгрөгийн бонд нэмж гаргах эрх давхар авч буй юм байна.
Т.Энхэлээ






















































Сэтгэгдэл (1)