Ингээд түүний ярьсан ярианаас онцлох 24 эшлэлийг түүвэрлэн хүргэж байна.

Ингээд түүний ярьсан ярианаас онцлох 24 эшлэлийг түүвэрлэн хүргэж байна.
1. Тодорхойлоод төсвөө хэл гэвэл би боломжийн гэж хэлнэ. Яам агентлагийн 15 хувийг танахын зэрэгцээ УИХ-ын гишүүд ч хэмнэлт хийлээ. Бас 80 байгууллагыг 25 болгох, төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сараар үржүүлж мөнгө авдаг байсныг байж болох хэмжээнд аваачиж үрэлгэн байдлыг цэгцэлсэн.
2. Өнөөдөр цалин нэмэх мөнгө үнэндээ алга. Ийм байхад ҮЭ-ийнхэн цалинг 60 хувь нэм гээд шаардаж байх жишээтэй. Өнөөдөр төрийн албан хаагчдын цалинг 60 хувь нэмэх боломжгүй учраас тодорхой хэмжээний мөнгө нэмье гэж шийдсэн. Хэрвээ талбай дээр гарч жагсаад мөнгө олддог бол жагсаад л байх хэрэгтэй.
3. Манайх халамжийн эдийн засгаас бүтээгч эдийн засагтай болох шаардлагатай байгаа юм. Нэг ёсондоо 18-аас дээш насны хүүхэд төрийн өмнөөс ээждээ мөнгө өгч халамжилдаг байх хэрэгтэй. Хүүхдийн мөнгөний тухайд аав, ээж нь боломжийн амьдралтай хүмүүс үнэхээр халамж авахгүй бол болохгүй хүмүүстэйгээ зэрэгцэхээ больё л гэсэн.
4. Хямрал хэн нэгнийг тойрохгүй. Тиймээс ямар нэгэн тоглолт хийлгүй амьдарцгаая. Энэ ондоо барахгүй юм аа гэхэд ирэх жилүүдэд халамжийг цэгцлээд явна.
5. “Приус” машин, машины татварыг харах уу гэж бид хэсэг ярьсан. Үүнийг популистуудын шахаагаар больсон ч орон нутгийн төсөв дээр дахиад яригдана. Ядууст зориулсан машин гэж байхгүй. Огт мөнгө төлөхгүйгээр машин унадаг, мөнгө төлөхгүйгээр замаар явдаг асуудал нийгмийн мөн чанараасаа болоод удахгүй алга болно. Тиймээс өнөөдөр 30 байгаа татвар 100 болно гэж ойлгох хэрэгтэй.
6. Популизмын жишээ байхад бид яагаад заавал замаар нь явж, биеэрээ зовлонг нь мэдрэх шаардлагатай гэж. Популизм бүр өртөгтэй, төлбөртэй. Ер нь бол цаасанд боодолтой хортой чихэртэй ижил юм, популизм.
7. Өнөөдөр бензиний үнэ буух боломж байсан ч бид онцгой татвар авч үнийг буулгахгүй байхаар болсон. Олсон мөнгөөрөө халамжаа өгнө. Энэ бол популизмын үнэ.
8. Гацууртыг хөдөлгөх бодолтой байгаагаа хэрэгжүүлэх гэж байна. Төсвөө янзаллаа. 106 лицензийн асуудлаа шийдсэн. 21 сургууль барина. Таван толгойн хэлэлцээр, өрийн тааз гээд асуудлаа шийдлээ. Энэ бүхэнд алга ташиж байгаа байх гэж найдаж байгаа.
9. Зөвшөөрөл, Хяналтын тухай хуулийг цэгцэлнэ. Тэгэхгүй бол зөвшөөрөл гэдэг нэртэй хориглолтын тухай хууль яваад байна. Хяналтаа яаж хийх юм. Бизнесийнхнийг хүсээгүй байхад нь очиж татвар авчихаад баярлалаа гэхгүй мөртлөө дарамт бий болгож болохгүй. Бизнесийнхэн битүү дарамтанд байна. Одоо бизнесийнхний нурууг амраа гэж Мэргэжлийн хяналт, Татварын дарга нарыг дуудаж авчраад хэлсэн. Зөвшөөрлийн тухай хуулийг баталж бизнест ээлтэй орчин бий болгоно. Хяналтын хууль батлагдсанаар мэргэжлийн хяналтыг дүрэмд оруулна. З
10. Биднээс дайжсан гадны хөрөнгө оруулалтаа оруулж ирмээр байна. Хувийн секторыг ажиллуулж, том ордоо явуулна. Бидний жижиг гээд тоодоггүй зүйлсээс ажлаа хийнэ. Нэг жишээ дурдахад канон гээд хувилах машинд ордог жижиг төмрийг Японоос түүхий эдийг нь оруулж ирж манайх угсарч байгаа. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг байгуулбал манайхаас Япон руу татваргүй орж, татваргүй гарна. 120 гаруй сая хүнтэй үндэстнийг дагаж хөгжинө. Японтой хийх чөлөөт худалдааны гэрээ маш том боломж нээж өгнө.
11. Волксвагены рулийн арьсыг хийдэг гол ажилчид нь монголчууд. Тиймээс Монголдоо үйлдвэрийг нь байгуулъя. Нэг жишээ дурдахад Монголын жамц давсаар япончууд чихэр хийж байна. Монголын жамц давстай чихрийн технологийг оруулж ирээд Япон руу чихрээ гаргая. Үүнийг бодлого, татвар, хөрөнгө санхүүгээр дэмжвэл бүрэн шийдэгдээд явах боломжтой.
12. Импортын
улаанбуудайны тал дээр Ерөнхий сайд ХХААЯам аль нэг талыг бариагүй. Үл
ойлголцол үүссэн хоёр талыг зохицуулах гэж байгаа юм. 70 мянган тонн
буудайны цавуулаг хүрч байна уу гэдгийг шалгуул. Хүрч байвал буудайгаа
ав гэж хэлнэ.
13. Манайхан зөв бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаагүй популизм үйлдвэрлэчихсэн. Нийгэмд ойлголцол зөвшилцөл явна. Нийгэм рүү хүмүүс рүү шийдэмгий байхын тулд ойлголцох хэрэгтэй юм байна.
14. Төсөв хэлэлцэж байхад надад нэг мессэж ирсэн. Наад дугаараа зараад манай ээжийн одонгийн мөнгийг өг гэсэн. Миний ээж бурханы орноос намайг харж байгаа. Хүмүүс ингэж бухимдаж байгааг хараад би өөрөө бухимдаж байгаа юм. Олон хүмүүсийг асуудалд оруулж шийдэх ёстой гэдгийг ойлгосон.
15. Хямрал хэн нэгэн хүнийг тойрдог юм биш. Эдийн засаг хямарч байна уу үгүй юу гэдэг маргаан дээр цэц булаалдах хэрэггүй. Энэ бүхний гүн рүү орох хэрэгтэй. Огцорчихвол яадаг юм гэж боддог юм билээ. Гэхдээ Засаг огцроод яах юм. Дараагийн хүн энэ ажлыг хийж авч явах ёстой.
16. Одоо эдийн засаг хүнд байна. Хямрал юунаас болсон юм. Залж авчирсан хөрөнгө оруулагчаа заамдаад гаргаснаас болсон. Хөрөнгө оруулагчдаа авчрах хэрэгтэй. Том төслүүдээ явуулах хэрэгтэй. Тэгж байж валютын ханшаа тогтооно. Эдийн засгийн ухаан гаргаж ам.доллараа барина. Бид хэрэглэж байгаагаасаа их доллар оруулж байж өсөлтийг барина. Улс төрчид, бизнесийнхэнтэй уулзсан. Одоо хариулт өгөх цаг болсон.
17. Ерөнхий сайдын хувьд иргэддээ бидэнд хоёр зам байна гэдгийг хэлмээр байна. Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслөө явуулах эхний замыг сонгох уу. Эсвэл хэрэглээгээ багасгаж бүсээ чангалсан хоёр дахь замыг сонгох уу. 15151111 рүү энэ хоёр замын алийг нь сонгох вэ гээд 1 юм уу 2 гэсэн мессэж явуулъя. Бүгдээрээ хамтдаа гарцаа хайя.
18. Нийтлэлчид, сошиал ертөнцийнхөн, хэвлэл мэдээллийнхэн хэлэлцүүлэг явуулж санал бодлоо солилцох ёстой. Оюутолгой төслийг сонговол Оюутолгой дээр хэрүүл хийхээ больж шийдээд явах ёстой. Гэхдээ Монгол Улсын эрх ашгаа хохироож болохгүй. Тавантолгойгоо явуулъя. Эгийн голын усан цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станцаа хөдөлгөе. Газраа эргэлтэд оруулах хэрэгтэй. Тусалъя гэж байгаа хөрөнгө оруулагчдаа оруулъя. Тэвчиж болох бүх зардлаа бүгдээрээ тэвчье. Хамгийн гол суурь нь энэ дээр ирээд гацчихлаа. Хагас бүтэн сайнд шийдвэрээ гаргая.
19. Ард түмнээсээ асууж буй мессэж саналыг бямба гаригт эхлэх бөгөөд мягмар гаригийн 22 цагт зогсоно. 20, 30 мянган хүн ч хамаагүй оролцоосой. Хэлэлцүүлэг явуулахад нийтлэлч, эдийн засагчид оролцоосой.
20. Монголын ирээдүй гэрэлтэй гэдгийг бүх гадныхан хэлдэг. Бодлого чинь жаахан буруу байна гэдэг. Шар толгойтой хүмүүстэй хамт эхлээд хийхгүй бол болохгүй. Монголд хэрэгтэй, бидэнд хэрэгтэй гэж бодох ёстой. Гадныхан манайхны зочломтгой занг нь гайхдаг байсан бол одоо тийм биш болох гээд байна.
21. Твиттерт орохдоо аймшгийн ертөнцөөр аялъя гээд ордог. Бид ийм уур амьсгалыг бүрдүүлчихэж. Гадаадад инээж байгаад энд ирээд буугаад л нэг хүнд шүргүүлээд тэр инээд өөрчлөгддөг. Сая Японы хүмүүс баригдахад хэвлэлүүд нүүрийг нь нууж байна. Гэтэл манайд шууд дэлгэдэг. Сайн сайханд нийгмийн сэтгэл зүйгээ бэлдэх ёстой.
22. Эдийн засгийн асуудал чинь түр зуурынх. Бид хаана, хаанаа хичээх хэрэгтэй. Үгүйсгэлийн үгүйсгэлээр явалгүй 2016 онд Монгол Улс яаж явахыг хамт гаргая. Бидэнд хоногийн 24 цаг бага байна. Тэгсэн ч ажиллаад явна.
23. Оюутолгой төслийг явуулахгүй гээд эсэргүүцээд байгаа хүн нэг жил бүсээ чангалж тэсэх хэрэгтэй гэж мөн хэлж чаддаг байх хэрэгтэй. Бидэнд гурав дахь зам гэж байхгүй. Хоёр дахь зам муу зам биш.
24. Монгол Улс одоо мэс засал хийлгэж байна. Мэс засал хийж байхад нь гэр бүлийнхэн нь орж ирээд боль гэдэггүй биз дээ. Тиймээс цаашаа явахад саад битгий болоорой л гэж байгаа юм. Засгийн газрын алхмууд муудсан юм байхгүй.
Т.Хулан
Сэтгэгдэл (62)