Чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийн санал хураалтаар үргэлжилж, Эдийн засгийн байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явууллаа.

Тухайлбал, “чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуулиар зохицуулна”, “хилийн боомт дахь чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг хил хамгаалах байгууллага, бусад чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг холбогдох байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тус тус гүйцэтгэнэ”, “ гадаадын иргэн, харьяалалгүй хүний визийн байх хугацаа болон визгүй зорчих хугацааг нэг удаад 30 хүртэл хоногоор сунгаж болно” зэрэг саналуудыг гишүүдийн олонх дэмжлээ. Санал хураалтын явцад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд визийг хэн сунгах асуудлыг хөндөж тодруулсан юм. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү өгсөн тайлбартаа, чөлөөт бүсийн Захиргаанд гадаадын иргэн, харьяатын байгууллагын төлөөлөл төрийн үүргийг гүйцэтгэж ажиллана. Өнөөдөр тэр байгууллагын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд нэг удаа 30 хоног сунгах эрх зүйн боломж байгаа. Энэ хуулийн хүрээнд визийг сунгах мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэсэн гэв.

Харин “төрийн захиргааны төв байгууллагад” гэснийг “төрийн захиргааны байгууллагад” гэж өөрчлөх, “Чөлөөт бүсэд газар эзэмших эрхийг төсөл сонгон шалгаруулалтаар авсан хуулийн этгээдэд дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлж барагдуулсны дараа газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгоно” гэж өөрчлөн найруулах саналууд дэмжлэг авсангүй. Гишүүдийн зүгээс хилийн бүсийн онцлогийг харгалзаж үзэх хэрэгтэй гэдгийг онцлож байсан юм.

Үүний дараа ажлын хэсгээс гаргасан найруулгын шинжтэй 18 саналын томьёолол болон Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Санал хураах явцад Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тухайн асуудлуудаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзсэн тул буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



